Skip to main content
“Wall Street”-ийн шинжээчид “Tesla” компанийн III улирлын нийлүүлэлт болон борлуулалтын төсөөллөө нэмэгдүүллээ. Багадаа дөрвөн шинжээч ирэх долоо хоногт танилцуулагдах компанийн нийлүүлэлтийн төсөөллийг өсгөсөн байна. Үүнд “Tesla”-ийн гол зах зээл болох БНХАУ-д эрэлт нэмэгдэж, борлуулалт өсөх төлөвтэй байгаа нь голлон нөлөөлжээ. Энэ нь “Tesla”-ийн хувьд БНХАУ дахь хамгийн сайн улирал байх төлөвтэй гэж үзэж байгаа юм.
“АНУ болон Европт эрэлт буурч байгаа энэ үед БНХАУ-ын зах зээл эргэн сэргэхээр байгаа нь компанийн хувьд цагаа олсон сайн зүйл” гэж “Barclays”-ийн шинжээч мэдэгдсэн. Түүний хувьд “Tesla”-ийн нийлүүлэлт оны III улиралд 470 мянгад хүрч өссөн байх төлөвтэй гэж таамаглажээ.
“Tesla”-ийн хувьцааны ханш энэ он гарснаас хойш ердөө 2 хувиар өссөн бол энэ хугацаанд “S&P 500” индекс 20 гаруй хувиар өсөөд байна. Гэхдээ наймдугаар сараас хойших хугацааг харвал компанийн хувьцаа 33 хувиар өссөн нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаагийн дохио болж буй.
Эх сурвалж: Bloomberg Mongolia