Skip to main content
“Nvidia” компани шинжээчдийн төсөөллийг бүхий л хэмжүүрээр эвдсэн дахин нэг гайхалтай улирлын тайлангаа танилцууллаа. Гэвч энэ нь хөрөнгө оруулагчдын таалалд нийцсэнгүйг бололтой, тайлан танилцуулсны дараа хувьцааны ханш нь найман хувиар унав.
Технологийн салбарын тайлангуудаас хамгийн их хүлээлт үүсгэдэг нь болоод буй “Nvidia”-ийн улирлын тайлан пүрэв гарагт танилцуулагдлаа. Долоодугаар сарын 28-наар эцэслэгдсэн санхүүгийн II улиралд тус компанийн борлуулалтын орлого 130 хувиар өсөж, 30 тэрбум ам.доллар хүрсэн байна. Харьцуулбал шинжээчдийн дундаж төсөөлөл 28.9 тэрбум ам.доллар байлаа.
Харин тус компани тайлангаа танилцуулахдаа III улирлын борлуулалтын орлого нь 32.5 тэрбум ам.доллар орчим байх төлөвтэйг дурдсан нь хөрөнгө оруулагчдад сэтгэгдэл төрүүлж чадсангүй. Хэдийгээр шинжээчдийн дундаж төсөөлөл 31.9 тэрбум ам.доллар байсан ч зарим тооцоолол бүр 37.9 тэрбум хүрч байлаа.
Үүнээс гадна “Nvidia”-ийн дараагийн “саалийн үнээ” болох хүлээлттэй “Blackwell” чипийн үйлдвэрлэлд тооцоолоогүй сорилтууд учирч буйг хүлээн зөвшөөрсөн нь байдлыг хүндрүүлжээ. Зах зээлд ноёлж буй “Nvidia”-ийн хиймэл оюунт процессорын дараагийн үеийн нийлүүлэлт саатаж болзошгүй болгоомжлол үүссэн нь тус компанийн хувьцаа 8.4 хүртэлх хувиар унахад нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч өнгөрсөн онд 239 хувиар өсөж байсан “Nvidia”-ийн хувьцаа энэ он гарсаар мөн л өлхөн хоёр дахин өсчхөөд байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg Mongolia

    YourFinServices Web System v2.1