Skip to main content

·         Mанай улсын Төлбөрийн тэнцэл тавдугаар сард урьдчилсан үзүүлэлтээр 179.5 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан дүн боллоо. Монгол Улсын гадаад худалдааны алдагдал 1.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Хэдийгээр дотоодод төгрөгийн ханш сүүлийн 8-9 долоо хоногийн турш тогтвортой буюу 3380-3381-ийн хооронд хадгалагдаж буй ч олон улсын зах зээлд гол импортлогч улс орнуудын валют сулраад байгаа юм. Тухайлбал: Японд иений ханш суларсан нь автомашины импортын өсөлт бий болгож буйг тээвэр, логистикийн компаниуд мэдээлж байна. Цаашид гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлд буурвал төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулж байна.

 

·          Монгол Улсын Засгийн газраас олон улсын зах зээлд 2012 оноос хойших 12 жилийн хугацаанд нийт 9 бонд гаргаснаас 4 нь бүрэн төлөгдөж дууссан байна. Одоогоор олон улсын зах зээлд Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондуудаас 2026-2031 онд хугацаа нь дуусах 5 бонд бүртгэлтэй байна. Монголбанкны энэ оны I улирлын статистикаас харахад Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 7.9 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа юм. Үүнээс 1.78 тэрбум ам.доллар нь өрийн бичиг, 6.17 тэрбум ам.доллар нь зээлийн үлдэгдэл байна. Засгийн газрын өрийн удирдлагын баримт бичигт нийцүүлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны үлдэгдэл төлбөрүүдийг “Century I”, “Century II”, “Century III” төслийн хүрээнд өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар Сангийн яам мэдээлж байсан юм. Ингэснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй болсон байна. 2020 оны нэгдүгээр сард Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4.36 тэрбум ам.доллар байсан бол түүнээс хойш буурсаар тавдугаар сард нь 3.2 тэрбум ам.доллар болж, 2022 оны наймдугаар сард 2.69 тэрбум ам.доллар хүрч байжээ. Энэ оны тавдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 5.18 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн бөгөөд оны эхнээс 5.3 хувиар нэмэгдсэн аж. Цаашид Засгийн газар бондуудын эргэн төлөлтийг хийхдээ валютын нөөцөд мэдэгдэхүйц дарамт учруулахгүйгээр зарим хэсгийг дахин санхүүжүүлэх байдлаар шийдэхээр төлөвлөснөө мэдээлж байв.

 

Эх сурвалж: Bloomberg Mongolia

 

    YourFinServices Web System v2.1