Skip to main content
БНХАУ-ын шатахууны эрэлт энэ онд эсвэл ирэх онд оргил цэгтээ хүрэх төлөвтэй байна гэж “Vitol Group” тооцоолж байна. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж байгаа нь үүнд голлон нөлөөлж буйг тус компанийн Гүйцэтгэх захирал Расселл Харди мэдэгджээ. Эрчим хүчний шилжилт явагдаж буй энэ үед БНХАУ-ын газрын тосны эрэлт олон улсын анхаарлын төвд байна.
Өнгөрсөн долоо хоногт түүхий газрын тосны үнэ 2023 оноос хойших доод цэгтээ хүрч буураад байсан юм. Үүнд дэлхийд газрын тосны импортоор тэргүүлэгч БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу байгаа нь нөлөөлжээ. БНХАУ-ын эрэлтийн төлөвийн талаарх асуудал энэ долоо хоногт Сингапурт зохион байгуулагдаж буй APPEC-ийн чуулга уулзалтын гол сэдэв байх төлөвтэй байна.
Харин нөгөө талд АНУ-ын түүхий газрын тосны олборлолт түүхэн дээд түвшинд хүрэхэд ойртоод байгаа юм. Мөн OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хоёр сараар хойшлуулаад байна. Дэлхийн хамгийн том бие даасан газрын тосны арилжаа явуулагч “Vitol Group” компани газрын тосны зах зээлд нийлүүлэлт хамгийн багадаа ирэх хоёр жилдээ хангалттай байна гэж тооцоолж байна.
Эх сурвалж: Bloomberg Mongolia