Skip to main content
“Google”-ийн инженер байсан Колин Хуан”Pinduoduo” хэмээх маш хямд бараа, өргөн далайцтай сурталчилгаагаараа танигдсан цахим худалдааны платформоо 2015 онд нээжээ. 2021 оны эхээр түүний цэвэр хөрөнгө 71.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж, богино хугацаанд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн эгнээ рүү дэвшив.
Харамсалтай нь Covid-19-ийн тэрбумтнууд гэгддэг олон чинээлэг эрхмүүдийн адил түүний хөрөнгө олсон шигээ хурдан замхарч, нэг жилийн хугацаанд 87 хувиар буурсан аж. Дэлхий дахинд цар тахлын тархалт саарахтай зэрэгцээд БНХАУ-ын хувийн хэвшлийн салбар гэнэтийн хямралд орж, Колин Хуан ч онцгой их алдагдал хүлээжээ.
Гэнэт гайхалтай зүйл тохиов. Колин Хуаны “PDD Holdings” компани эргэн хөл дээрээ босжээ. Урьдынх шигээ далайцтай биш ч тогтвортой ажиллаж, “Temu” брэнд нэрээрээ хилийн чанадад үйл ажиллагаагаа тэлж, удаан хугацаанд сул үзүүлэлттэй байсан дотоодын эдийн засагтаа дэмжлэг үзүүлэв.
Үүний дүнд өдгөө 44 настай Колин Хуан БНХАУ-ын хамгийн чинээлэг нэгэн болсныг “Bloomberg Billionaires Index” харуулж байна. 48.6 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгөтэй тэрбээр жагсаалтыг 2021 оны дөрөвдүгээр сараас хойш тэргүүлж байсан БНХАУ-ын савласан усны бизнесийн хаан гэгддэг Жон Шаньшанийг гүйцжээ.
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас үүдэн эдийн засаг удааширснаар хятадуудын худалдан авалтын зан төлөвт өөрчлөлт орж, Колин Хуаны итгэмээргүй өсөлт дэвшилтэд гол түлхэц нь болжээ. Мөн БНХАУ-ын Засгийн газраас хувийн бизнесүүдэд шахалт үзүүлж, Жак Магийн “Alibaba” групп зэрэг өрсөлдөгчийг нь хавчсаны дараах гурван жил гаруйн хугацаанд хөрөнгийнхөө хэмжээгээр цойлсон анхны технологийн магнат болсон юм. Харин энэ хооронд нийлүүлэгчид нь түүнийг үнэ унагасан, ажилтнууд нь түүнийг өндөр ачаалалтай ажлын цаг тогтоосон хэмээн эсэргүүцэн жагсаж байжээ.
“Жак Ма, Жефф Безос нар цаг үеийнхээ тэргүүлэх корпорацын удирдагчид байсан. Одоо цаг өөр болж, Колин Хуан арай өөр, илүү нууцлаг арга барилаар өндөр амжилтад хүрч байна” хэмээн “Kaiyuan Capital” хувийн санхүүгийн компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Брок Силверс өгүүлж байлаа.
АНУ-ын жижиг бизнесүүд ч “Temu”-ийн эрчимтэй өсөлтийг цохон тэмдэглэж байв. Тус компани одоогоор 800 хүртэлх ам.долларын барааг АНУ-д татваргүй илгээх худалдааны цоорхойн давуу талыг ашиглаж буй. Ингэхдээ жижиг илгээмжийг БНХАУ дахь агуулахаасаа америк хэрэглэгчдэд илгээдэг аж.
“PDD Holdings” асар их мөнгөөр сурталчилгааны кампанит ажил явуулсан хэвээр. Тухайлбал: “Temu” брэндээ “Super Bowl”-ийн үеэр 30 секунд сурталчлахад олон сая ам.доллар зарцуулжээ. Тус компани мөн “Temu”-ийн веб сайт дээрээ “Тэрбумтан шиг худалдан ав” гэх мэт чимэгтэй сайхан үгс байршуулсан аж.
Эх сурвалж: Bloomberg Mongolia