Skip to main content
***2024 оны эхний хагас жилийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг шийдвэрлэх чиглэлд АНУ технологийн тэргүүлэгч санхүүжүүлэгч болж, БНХАУ-ыг ардаа орхисныг “BloombergNEF” мэдээллээ.
АНУ үр дүнтэй татварын хөнгөлөлт, урамшууллын арга хэмжээ авсан нь үүнд голлон нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч олон улсын хэмжээнд энэхүү салбарын санхүүжилт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг 50 хувиар буурчээ.
***БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2.3 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Бондын арилжаа огцом идэвхжээд байгаатай холбоотойгоор зах зээлд хөөсрөлт үүсэхээс сэргийлж санхүүгийн тогтвортой байдлыг хангахаар зорьж байна гэж шинжээчид үзэж байна.
Эдийн засагчид эрэлт сул байгаатай холбоотойгоор хүүгийн түвшнийг бууруулна гэж таамаглаж байв. БНХАУ-ын Төв банк долоодугаар сард бодлогын хүүгээ 20 суурь нэгжээр бууруулах арга хэмжээ авсан юм.
***БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид гадаад зах зээл рүү экспортоо нэмэгдүүлснээр барууны орнуудтай худалдааны зөрчлийг нь улам хурцатгаад байгаа юм.
Гангийн үнэ энэ он гарсаар 40 гаруй хувиар буурч, 2022 оны эцсээс хойших доод түвшинд хүрэх дөхөөд байна.Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог нүүрсний үлэмж хувь нь гангийн үйлдвэрлэлийн үндсэн орц болох коксжих нүүрс байдаг. БНХАУ-ын гангийн салбарыг гүнзгий удаашрал руу хөтөлж, нөлөөлөл нь дэлхий даяар мэдрэгдэх хэмжээний хямрал айсуйг ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани анхааруулж байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg Mongolia