Skip to main content
Японы хувьцаануудын гурван өдөр үргэлжилсэн уналт дэлхийн хөрөнгийн зах зээлийг донсолгож, арилжааны тогтмол ойлголтыг бараг өөрчлөх шахсан хүчтэй нөлөө үзүүлжээ. Энэхүү хөдөлгөөний цар хүрээ хэр том байсныг илтгэх зарим тоо баримтаас дурдъя.
• Даваа гарагт “Topix”, “Nikkei” индекс тус тус 12 хувиар буурсан нь 1987 оны “Хар даваа гараг”-ийн уналтаас хойших хамгийн огцом уналт болов.
• Гурав хоногийн хугацаанд дээрх индексүүдийн нийт бууралт 20 хувиар хэмжигдсэн нь “Bloomberg” анх “Topix” индексийг 1959 оноос, “Nikkei” индексийг 1970 оноос бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр хувьтай бууралт болжээ.
• Мягмар гарагт индексүүд сэргэж, 10 орчим хувиар өссөн нь 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн огцом өсөлт боллоо. Дэлхийн санхүүгийн хямрал гүнзгийрч байсан тухайн үед Японы Засгийн газар олон улсын банкнуудад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргаж, улмаар хувьцаанууд цойлж байсан юм.
• Долоодугаар сарын 31-нээс хойших хугацаанд Япон улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гурав хоногийн дотор 1.1 их наяд орчим ам.доллароор агшиж, одоогийн валютын ханшаар 5.6 их наяд ам.доллар болоод байна. Энэ нь Шведийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээтэй тэнцэх дүн юм.
• Даваа гарагт Токиогийн Хөрөнгийн биржээр арилжаалагдсан хувьцааны мөнгөн дүн түүхэн дээд түвшинд буюу 55 тэрбум ам.доллар хүрэв.
• Японы хувьцааны “айдсын хэмжүүр” гэгддэг “Nikkei Stock Average Volatility” индекс даваа гарагт бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ.
• Даваа гарагийн бужигнаанаас үүдэн биржийн арилжааг зориуд 10 удаа зогсоожээ. Энэ нь зах зээл хэт савлагаатай үед хөрөнгө оруулагчдыг “тайвшруулах алхам” байсныг “Japan Exchange Group” мэдээлэв. Энэ нь 2016 оноос хойш нэг өдрийн дотор хамгийн олон удаа арилжаа зогссон үзүүлэлт болсон нь статистикаас харагдаж байна.
• “Тopix”-ийн өсөлт, бууралтын шугам баасан гарагт 2020 оны гуравдугаар сар буюу цар тахлын үеийн уналтаас хойших доод түвшиндээ хүрэв. Энэ нь биржийн өдөр тутмын арилжаагаар өсөлттэй үнэт цааснуудын тооноос бууралттай үнэт цааснуудын тоог хасан гаргадаг алдартай хэмжүүр юм.
• Бүртгэлтэй 2000 гаруй хувьцааны ердөө 20 нь даваа гарагийн арилжааг өсөлттэй хаажээ.
 
Эх сурвалж: Bloomberg Mongolia

    YourFinServices Web System v2.1