Skip to main content

Энэ оны эхний 7 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт $15.6 тэрбум болж өнгөрсөн оны мөн үеэс $1.9 тэрбум буюу 14.2% өсжээ.

Нийт бараа эргэлтийн $9.2 тэрбумыг экспортын бараа бүтээгдэхүүн, $6.4 тэрбумыг импорт бүрдүүлсэн ба экспортын дүн импортын дүнгээс $2.8 тэрбумаар давснаар гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан нь энэ. Экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 6.5% өссөн бол импорт 27.6% өссөн аж. Импортын өсөлтийн хурд илүү өндөр байгаа тул гадаад худалдааны тэнцэл өмнөх жилээс буурсан хэрэг.

  • Тус хугацаанд нийт 46.1 сая тн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 35.5% өсжээ. Энэ нь нийт экспортын 57.9%-ийг бүрдүүлж байгаа. Сонирхуулахад, энэ онд нүүрсний экспортыг 78 сая тн-д хүргэнэ гэсэн зорилт тавьсан нь 69%-ийн биелэлттэй явж байна. 
  • Цаашилбал, зэсийн хүдэр, баяжмал экспортын 18.9%-ийг, хагас боловсруулсан алт 5.1%-ийг, төмрийн хүдэр, баяжмал 3.8%-ийг, угаасан ноолуур 2.1%-ийг бүрдүүлж буй. 
  • Харин импортын дүнд машин, техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, сэлбэг 20.6%, эрдэс бүтээгдэхүүн 22.1%, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 10.4% зэргээр тус тус эзэлж байна. 

Тус хугацаанд Монгол Улс дэлхийн 153 орноос бараа бүтээгдэхүүн импортолж, 66 оронд бараа экспортолсон байна. Тэр дундаа экспортын 92.1%-ийг Хятад руу, 4.1%-ийг Швейцар руу, 1%-ийг Америк руу гаргаж байгаа аж. Өнгөрсөн онд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Америкт айлчлал хийж, мөн саяхан Америкийн ТНБД Энтони Блинкен Монголд айлчлаад дипломат харилцаа давгүй харагдаж байгаа ч 2 орны худалдаа чамлалттай хэвээр.

Манай улс уул уурхайгаас хэт хамааралтай байдлаа бууруулна гэж байгаа ч одоогоор төдийлөн үр дүн гараагүй байна. Монголбанкны инфляцын тайланд дурдсанаар энэ онд нүүрсний экспорт өмнөх оны өндөр түвшинд хадгалагдаж, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оноос нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт 17.9%-д хүрэхээр байгаа аж. 

Эх сурвалж: Lemonpress.mn

    YourFinServices Web System v2.1