Skip to main content
Швейцарт байршилтай Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс жил бүр гаргадаг тус тайлангийн 2024 оны эрэмбэд Монгол Улс мөн л сүүл мушгиж, 67 орноос 67 дугаарт бичигджээ. Өнгөрсөн онд 64 орноос 64 дүгээрт жагсаж байсан бол энэ оны эрэмбэд шинээр нэмэгдсэн гурван улс Монголын урд эрэмбэлэгдсэн байна. Харин 2022 онд ардаа ганц улсыг орхисон нь тухайн үед эдийн засгийн хямрал нь дээд цэгтээ хүрч, инфляц нь 155.8 хувьд хүрч байсан Венесуэл байлаа. Ерөнхийдөө сүүлийн жилүүдийн эрэмбэд Монгол Улс дорвитой ахих байтугай сүүлийн байраас холдсон нь тун цөөхөн байжээ.
Тус тайланд улс орнуудыг үнэлэхдээ:
Авьяас, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт ба хөгжил
Олон улсын болон дотоодын зах зээлээс авьяас чадварыг татах, хадгалах чадвар
Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал гэсэн үндсэн гурван бүлгийн мэдээллийг ашигладаг.
Үндсэн бүлгүүд нь дотроо боловсролын систем, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар гэх мэт шалгуур үзүүлэлтүүдээр задарна. Монгол Улсын хувьд гурван үндсэн бүлэгт гурвууланд нь ахицгүй буюу байр ухарч, авах ёстой 100 онооноос 26.47 оноо авчээ. Хойгуур эрэмбэлэгдэж, ерөнхий оноог доош татсан шалгуур үзүүлэлтүүдэд боловсролын чанар, нэг оюутанд ногдох төсөв, багш-сурагчийн харьцаа, “brain drain”, ажилтнуудын урам зориг, амьдралын чанар, ур чадвартай ажиллах хүч, санхүүгийн ур чадвар, олон улсын туршлага гээд хөвөрч байна.
Энэ оны авьяас, ур чадварын тайланд Швейцар улс 11 дэх жилдээ дараалан тэргүүн байраа хадгалжээ. Харин Ази тивээс Сингапур зургаан байр ахиж хоёрдугаарт орж ирсэн бол Хонконг долоон байр урагшилж топ 10-т эргэн багтсан байна.
Манай улсад одоогоор гадаадаас ажиллах хүч татахаас илүү дотоодын чадварлаг ажиллах хүчнээ тогтоон барих нь тулгамдсан асуудал гэхэд болно. Тус тайлангийн “brain drain” буюу иргэд амьдарч буй улсаа орхин явах нь эдийн засгийн талаасаа ямар нөлөөтэйг хэмжих шалгуур үзүүлэлтээр 63 дугаарт бичигдсэн байна.
MMCG-ээс 2023 онд явуулсан монголчуудын медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгаагаар идэвхтэй хүн амын 67 хувь нь гадагшаа явж ажил хийх сонирхолтой байгаа нь харагдаж байв. Ажиллах хүчний эргэц 10 хувь байх нь хэвийн түвшин гэж үздэг бол Монголд 19 хувь байгаа нь ажлын байрны найдвартай байдлын дутагдал асуудал болж буйг илтгэж байна.
Үүнд цалингаас авхуулаад эрүүл аж төрөх, амьдралын сонголт хийх эрх чөлөө гээд маш олон микро, макро хүчин зүйлс нөлөөлж байх талтай. Мөн компани, байгууллагын түвшинд ч яригдана. Байгууллагууд зөвхөн цалингаас гадна соёлоороо өрсөлдөж, ажиллагчдын хүсэмжит байгууллага байхын тулд ажилтан төвтэй болох нь гол шийдэл гэсэн дүгнэлт MMCG-ийн Гүйцэтгэх захирлуудын судалгаанаас гарч байв.
Гэхдээ “Brain Drain”-ээс зайлсхийх гээд хэрэггүй, харин энэ үзэгдлийг хэрхэн өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх вэ гэдэг нь бодлогын асуудал гэсэн байр суурийг Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвийн захирал Жи Вук Шин Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байлаа.