Skip to main content

АНУ-ын тавдугаар сарын ажил эрхлэлтийн үзүүлэлт шинжээчдийн таамгаас давж өссөнийг мэдээллээ. Ингэснээр Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ хэдэн удаа бууруулах талаар эдийн засагчид хуваагдмал байр суурьтай байна. Тухайлбал: “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн 41 хувь нь тус банк энэ онд “Бодлогын хүүгээ хоёр удаа бууруулна” гэж үзэж байгаа бол мөн л 41 хувь нь “Нэг удаа эсвэл огт бууруулахгүй”  гэж таамаглаж байгаа аж.

Холбооны нөөцийн банк  өнгөрсөн оны долоодугаар сараас хойш бодлогын хүүгээ сүүлийн 20 жилийн дээд түвшинд хэвээр хадгалж байгаа юм.

2023 оны хоёрдугаар хагаст инфляц огцом буурсан нь энэ онд бодлогын хүүг аажмаар бууруулна гэсэн хүлээлт зах зээлд бий болгосон ч 2024 он гарсаар инфляц дорвитой буураагүй тул зах зээлийн энэхүү хүлээлт хойшлоход хүрээд байна.

Холбооны Нөөцийн банкны Мөнгөний бодлогын хороо ирэх долоо хоногт болох долоо дахь удаагийн хурлаараа бодлогын хүүг 5.25-5.5 хувийн хооронд тогтвортой үлдээх нь тодорхой болоод байгаа аж. Тус банкны тэргүүн Жером Пауэлл болон бусад гишүүд зургаадугаар сарын 11-12-нд болох уулзалтаар гуравдугаар сараас хойш анх удаа эдийн засаг, бодлогын хүүгийн төсөөллөө шинэчлэх төлөвтэй байна.

Холбооны Нөөцийн банк ирэх долоодугаар сард хүүгээ бууруулна гэж таамаглаж байсан “Citigroup” АНУ-ын  бодлого боловсруулагчид есдүгээр сард хүүг бууруулах анхны алхмаа хийнэ гэж таамаглаж байгаа бол “JPMorgan” 11 дүгээр сар хүртэл бодлогын хүүд ямар нэг өөрчлөлт гарахгүй гэж таамаглаж байна.

 

Эх сурвалж: Bloomberg Mongolia

    YourFinServices Web System v2.1