Skip to main content
 
ОХУ-ын дотоодын зах зээлд шатахууны үнэ огцом өсөөд байгаа бөгөөд тус улс шатахууны зах зээлийн “тогтвортой нөхцөл байдлыг хадгалах” үүднээс экспортын хоригоо дахин сунгаж байгаагаа зарласныг “The Moscow Times” мэдээллээ.
Энэхүү хориг нь ирэх есдүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлд улирлын чанартай эрэлт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөж буй засварын үед үнийг тогтвортой барих зорилготой гэсэн байна.
Хоригийг гуравдугаар сард анх тавьж байсан ч дотоодын зах зээл ханасан гэж үзээд V-VII сард түр хугацаагаар зогсоосон аж.
Шинэ хязгаарлалт нь Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн болох Беларусь, Казахстан, Киргизстан, Армени зэрэг улсын нийлүүлэлтэд нөлөөлөхгүй юм байна.
Албан ёсны мэдээллээр 2023 онд ОХУ 43.9 сая тонн шатахуун үйлдвэрлэжээ. Тус улсын хувьд одоогийн өндөр түвшний батлан хамгаалахын зардлаа хадгалахад газрын тос, түлшний борлуулалтын орлого чухал хэвээр байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg Mongolia