Skip to main content
БНХАУ-ын үйлчилгээний салбарын гол үзүүлэлтийн өсөлт шинжээчдийн төсөөллөөс доогуур гарсан нь тус улсын эдийн засгийн удаашралтай холбоотой санаа зовнилыг улам нэмэгдүүллээ.
“Caixin China”-аас гаргадаг худалдан авалтын менежерийн индекс наймдугаар сард 51.6 нэгж болж, өнгөрсөн сараасаа 0.5 нэгжээр буурсан байна. “Bloomberg”-ээс эдийн засагчдын дунд явуулсан судалгаагаар голч төсөөлөл 51.8 нэгж байсан аж.
“Салбарын өрсөлдөөн ширүүн хэвээр байж, бизнесүүд борлуулалтаа өсгөхийн тулд үнээ бууруулахыг гол зорилтоо болгосон” гэж “Caixin Insight Group”-ийн Ахлах эдийн засагч Ван Жэ онцолж байна.
Энэхүү үзүүлэлт нь том дүр зургаараа эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан албан ёсны статистик мэдээллээр наймдугаар сард БНХАУ-ын ресторан, аялал жуулчлалын салбарыг багтаасан үйлчилгээний зах зээл агшихад тун ойртжээ.
ОУВС-аас тус улсын үйлчилгээний салбарыг “дутуу ашиглагддаг” хөдөлгөгч хүчин зүйл гэж тодорхойлж байна. Хөгжингүй орнуудад үйлчилгээний салбарын нэмүү өртөг дунджаар 75 хувьтай байхад БНХАУ-д харьцангуй доогуур хувьтай байдаг аж.
Эх сурвалж: BLoomberg Mongolia

    YourFinServices Web System v2.1