Skip to main content
***Европын цахилгаан автомашины зах зээлийг өнгөрсөн сард анх удаа “BMW” тэргүүлж, “Tesla”-г ардаа орхилоо. “BMW” VII сард 14,869 ширхэг бүрэн цахилгаан автомашин борлуулсан нь 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин энэ хугацаанд “Tesla”-ийн борлуулалт 16 хувиар буурч, 14,561 нэгж болжээ.
“Tesla” жилийн нийт борлуулалтын үзүүлэлтээрээ Европын цахилгаан автомашины зах зээлийг тэргүүлсэн хэвээр байгаа. Гэхдээ зах зээлд эзлэх байр сууриа “BMW”, “Volvo” тэргүүтэй компаниудад бага багаар алдаж эхэлснийг сүүлийн статистик харуулав.
Үүнээс гадна Европт цахилгаан автомашины эрэлт буурч эхэлсэн дүр зурагтай байна. Тус бүсийн хэрэглэгчид өнгөрсөн сард нийт 139,300 ширхэг шинэ цахилгаан автомашин худалдаж авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар буурчээ.
***“ХААН банк” ХК 2024 оны эхний хагас жилд 290.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн дүн болжээ. Хүүгийн цэвэр орлого 587.8 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 105.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлснийг тодотгосон байна.
Тайлант хугацаанд хиймэл оюунд суурилсан Digi цахим үйлчилгээг нэвтрүүлснээс гадна тогтвортой хөгжлийн чиглэлийн үйл ажиллагаанд төвлөрснийг онцолж болохоор байна. Тухайлбал, байгаль орчин, нийгэм ба хөгжил, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 510 гаруй төсөл хөтөлбөрт 12.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Энэ оны VI сарын 30-ны байдлаар тус банкны ногоон зээлийн багц 589.9 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн багцын 5.23 хувийг бүрдүүлж байна.
Эх сурвалж: Bloomberg Mongolia

    YourFinServices Web System v2.1