Skip to main content

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди гурав дахь удаагаа өрсөлдөхөөр гарч ирсэн сонгуулийн  санал хураалт энэ сарын 19 нд эхэлсэн ба  6-сарын 1-ийг дуустал  дэлхийн хамгийн том санал хураалт үргэлжлэх юм.

969 сая орчим хүн буюу дэлхийн хүн амын 10% нь түүхэн дэх хамгийн том сонгуульд санал өгөх эрхтэй бөгөөд зургаан долоо хоногийн хугацаанд санал хураалт долоон үе шаттайгаар явагдана. Сонгогчид парламентын доод танхимийн 543 суудлын төлөө санал өгөх бөгөөд олонхи болсон нам Засгийн газраа байгуулж, ерөнхий сайдаа томилно.Ирэх баасан гарагт Энэтхэгийн 21 муж, холбооны нутаг дэвсгэрийн сонгуулийн тойргийн сонгогчид цахим хэлбэрээр саналаа өгнө.

Модигийн баруун жигүүрийн Бхаратия Жаната нам (BJP) нь сүүлийн 10 жилийн засаглалын хугацаанд хэрэгжүүлсэн бодлого нь Энэтхэгийг эдийн засаг, соёлын хувьд өөрчилсөн. Одоогийн ерөнхий сайд Модигийн удирдлаган дор 1.4 тэрбум хүн амтай улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засаг, орчин үеийн дэлхийн хүчирхэг гүрэн болсон. 73 настай Модигийн засаглал нь дэд бүтэц, халамжийн төслүүд, эдийн засгийн хурдацтай тэлэлт, дэлхийн тавцанд энэтхэг улсыг таниулахад ихээхэн дэмжлэг болсонч   хөдөө орон нутагт залуучуудын ажилгүйдэл, тэгш бус байдал ихэсч, 230 сая лалын шашинтнуудыг хавчих хандлага ихсэж байна гэж шүүмжлэгчид үзэж байна.

BJP намын  кампанит ажлын гол амлалт нь ажлын байр бий болгох, ядуурлын эсрэг хөтөлбөрүүд, тухайлбал, хүнс тараах, орон сууцны хөтөлбөрийг өргөжүүлэх, үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ядуучууд, тариачид, залуучуудад онцгой анхаарал хандуулах талаар тусгагджээ.

Моди улс орноо дэлхийн үйлдвэрлэлийн төв болгон хувиргаж, дэд бүтцийн томоохон өөрчлөлтийг үргэлжлүүлж, 2047 он гэхэд эрчим хүчний бие даасан байдалд хүрэхийг зорьж байгаагаа мөн дурдсан.  Моди дэлхийн тавцанд Энэтхэгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болгож, 2036 оны Зуны Олимпийн наадмыг эх орондоо зохиох эрхийг авах, саран дээр анхны сансрын нисгэгчээ буулгах гэх мэт олон улсад эзлэх байр сууриа батжуулах олон ажлуудыг төлөвлөөд байна.

Нөгөө талаас BJP намын гол сөрөг хүчин болох Энэтхэгийн Үндэсний Конгресс болон түүний шинээр байгуулсан ЭНЭТХЭГ-ын намуудын холбоо юм. Сөрөг хүчний  намын кампанит ажлын гол уриа нь “иргэд айдасгүй байх”  үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх эрх чөлөө зэрэг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахад оршино гэжээ.

Энэтхэгийн Сонгуулийн хороо санал хураалтын өмнөх болон санал хураалтын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа CNN-д мэдээлэл, дүн шинжилгээ нийтлэхийг хязгаарласан байна.

Эх сурвалж: 9News

 

    YourFinServices Web System v2.1