Skip to main content

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2012 оны нэгдүгээр сарын нэгэнд 1396.4 нэгж байсан бол энэ оны зургаадугаар сарын 27-ны байдлаар нэг ам.доллар 3380.9 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл 12 жилийн дотор төгрөгийн ханш ам.долларын эсрэг 142.1 хувиар сулраад байгаа юм. Харин сүүлийн найман жилийн хугацаанд 69.4 хувиар, сүүлийн дөрвөн жилийн дотор 23.6 хувиар суларчээ.

Төгрөгийн ханш юанийн эсрэг 2012 оноос хойш 109.9 хувиар, воны эсрэг 100.8 хувиар суларсан байна. Харин евро болон фунт стерлингийн эсрэг мөн адил 100.1 хувь болон 98.8 хувиар суларсан бол рублийн эсрэг сүүлийн 12 жилд 11.1 хувиар чангарчээ.

“Төгрөгийн ханш рублиэс бусад валютуудын эсрэг багадаа хоёр дахин суларсан нь дотоодын худалдан авах чадвар тэр хэмжээгээр буурсан гэсэн үг. Төгрөг гэлтгүй бусад бүх валютын хувьд урсгал тэнцлийг авч үзэх нь чухал байдаг. Уул уурхайн салбарын дэмжлэг байгаа хэдий ч дэлхийн санхүүгийн хямралаас хойш Монгол Улсын урсгал тэнцэл тодорхой хэмжээнд алдагдалтай байсаар байна. Үүнтэй холбоотойгоор Монголын худалдаа хийдэг бусад орнуудын валютын эсрэг төгрөгийн ханш сүүлийн 10, 20 жилийн турш тасралтгүй суларсан байгаагийн  гол шалтгаан нь урсгал тэнцлийн алдагдал” гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Стефен Чу ярилцлагынхаа үеэр тодотгож байсан юм. 

“Капиталын гадагшлах урсгал нэмэгдэх тусам ханшид муугаар нөлөөлдөг. Тиймээс эдийн засгийн өсөлтийг дэмжих эх үүсвэрээ төрөлжүүлэх нь нэн чухал. Өөрөөр хэлбэл дан ганц уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос гадна бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх, капиталын дотогш чиглэсэн урсгал, эдийн засгийн өсөлтийг дэмжих эх сурвалжуудыг нэмэгдүүлснээр төгрөгийн ханшид дэмжлэг үзүүлэх хэрэгтэй”-г шинжээчид онцолж байгаа юм.

 Эх сурвалж: Bloomberg Mongolia

    YourFinServices Web System v2.1