Skip to main content

Нэгж хувьцааны ханшаар “S&P 500 Index”-д тэргүүлэх болсон “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ 3.34 их наяд ам.доллар хүрээд байна.   

Хиймэл оюуны тэсрэлт хийж, хагас дамжуулагчийн эрэлт үргэлжлэх төлөвтэй энэ үед “Nvidia”-ийн орлогын өсөлтийг таамаглах нь “Wall Street”-ийн шинжээчдээр тогтохгүй тус компанийн удирдлагуудын хувьд ч амаргүй хэрэг болоод байна. Тухайлбал: 2023 оны дөрөвдүгээр сараар эцэслэсэн санхүүгийн жилд “Nvidia”-ийн борлуулалтын орлого тус компанийн өөрийн таамгаас  нь 13 хувиар давж байжээ. Энэ нь өнгөрсөн 10 жилийн дундаж үзүүлэлтээс хоёр дахин өндөр үзүүлэлт болсон юм.

“Nvidia”-ийн хувьцааны ханш энэ онд 156 хувиар өсөж, компанийн үнэлгээ нь 3.34 их наяд ам.доллар хүрснээр “Microsoft”-ийг гүйцээд байгаа юм. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоод байна.

“Nvidia”-ийн өсөлт хурдацтай өрнөж буй энэ үед томоохон худалдан авагч болох “Microsoft” нь тооцооллын техник хангамжийнхаа төсвийг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргасан нь тус компанийн өсөлтийн төлөвийг улам бур эрчимжүүлсэн үйл явдал боллоо.

Сүүлийн байдлаар тус компанийн энэ улирлын борлуулалтын орлого 28.4 тэрбум ам.доллар хүрч, ашиг нь 14.7 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоолол гараад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого нь 111 хувиар, ашиг нь 137 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Харин “Microsoft”-ийн борлуулалтын өсөлт 15 хувьтай байх бол “Apple”-ийнх гурван хувьтай байна гэж шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: Bloomberg Mongolia

 

 

 

    YourFinServices Web System v2.1