Skip to main content

Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 19.1 хувиар өсөж, 14.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний дийлэнх буюу 78.7 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт, үлдсэнийг хүнсний бүтээгдэхүүнийх эзэлжээ.

Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар, хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 19.1 хувиар өсөөд байгаа аж.

Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа, шатахууны бөөний худалдаа өссөн нь гол нөлөө үзүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Мөн оны эхний улирлын борлуулалтын орлогын 44 хувь нь бөөний, 56 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Орлогоор нь аваад үзвэл жижиглэн худалдааны  борлуулалтын орлого найман их наяд төгрөг, бөөний худалдааных 6.2  их наяд төгрөг хүрч өсжээ.

Үүнээс гадна I улиралд аймгуудын худалдааны салбарын борлуулалтын орлого 33.8 хүртэлх хувиар өсжээ. Энэ оны эдийн засгийн өсөлтөд худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт эерэг нөлөө үзүүлэхээр байна. Тодруулбал: Монголбанк өмнөх бодлогын хүүгийн шийдвэр танилцуулах хурлын үеэр хөдөө аж ахуйгаас бусад салбарын өсөлт зургаан хувьтай байх хүлээлттэй байгааг тодотгож байсан юм.

Харин ойрын хоёр жилд импортын үнэ тогтвортой байх бол экспортын үнэ буурч, худалдааны нөхцөл байдал муудах хүлээлт хэвээр байгааг Монголбанк сүүлд танилцуулсан инфляцын тайландаа дурдсан байна.

 

Эх сурвалж: Bloomberg Mongolia

 

    YourFinServices Web System v2.1