БНХАУ-д цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт анх удаа нийт автомашины борлуулалтын 50 хувийг давсан нь тус улсын автомашины зах зээлд түүхэн үзүүлэлт боллоо.
БНХАУ-д “шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл” гэсэн ангилалд багтдаг цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашины борлуулалт долоодугаар сард 879 мянган нэгж хүрч, нийт борлуулалтын 50.8 хувийг бүрдүүлсэн байна.
Харин нийтэд нь авч үзвэл долоодугаар сард шинэ автомашины борлуулалт хоёр хувиар буурч, 1.73 сая болсныг тус улсын Суудлын автомашины холбооны урьдчилсан тайлан харуулж байна.
Дэлхийн бусад оронд цахилгаан автомашины эрэлт буурч байгаа хэдий ч БНХАУ-д цахилгаан автомашины салбарын өсөлт эрчээ алдаагүй байгааг дээрх үзүүлэлт харууллаа.
Цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй “BYD” компанийн Гүйцэтгэх захирал Ван Чуанфу энэ оны гуравдугаар сард “БНХАУ 50 хувийн босгыг удахгүй давна” гэж таамаглаж байжээ.
Эх сурвалж: BloombergMongolia