Австралийн ажил эрхлэгчид автобусанд, галт тэргэнд, ачаалал ихтэй замын хөдөлгөөнд оролцох зэрэгт өдөрт дунджаар нэг цаг гаруй зарцуулдаг гэсэн судалгаа гаржээ.
Энэхүү ажилдаа явахад зарцуулдаг цаг нь Европын олон орноос илүү урт байгаа бөгөөд АНУ-с ч давсан байна. Европт ажил эрхлэгчдийн 60 гаруй хувь нь ажлаасаа гэр рүүгээ хагас цаг хүрэхгүй хугацаанд очдог гэсэн байна. Австралид энэхүү замд зарцуулах хугацаа уртасч байгаа нь зам дээрх түгжрэлтэй холбоотой гэхээсээ илүүтэйгээр томоохон хотуудын тэлэлтээс хамааран ажил гэрийн хоорондох зай холдож байгаатай илүү холбоотой гэж үзэж байна.
Харин Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцогчид дунджаар өдөрт 3 цаг орчмыг авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоход зарцуулдаг ба үүний 2.3 цагийг түгжрэлээс үүдэн нэмэлтээр зарцуулдаг болохыг MMCG компани 2022 онд хийсэн судалгаандаа онцолж байлаа. Мөн оргил цагийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 8-9 км/ц руу шилжиж, явган хүнтэй ойролцоо хурдтай болоход нэн ойртож буйг анхааруулсан.
Тэгэхээр нийслэлийн иргэд жилийн 365 хоногийн бараг 1/10-ийг түгжрэлд гацан өнгөрөөдөг болж таарч байна. Тухайн онд Улаанбаатар хотын түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 10 хувьтай дүйцэх хэмжээний бүтээмжийг алдсан гэсэн тооцоо гарч байв.Гэтэл Монгол Улсын нийт импорт 2024 оны эхний долоон сард өмнөх оноосоо 27.6 хувиар өсөхөд суудлын автомашины импорт томоохон нөлөө үзүүлжээ. ГЕГ-ын мэдээлснээр энэ хугацаанд 68.5 мянган суудлын автомашин импортолсон нь 2022 оны бүтэн жилийн импортын тоо хэмжээг аль хэдийн давсны сацуу 2023 оны мөн үеэс 1.8 дахин өсжээ.
Энэхүү огцом өсөлтийн нөлөө эдийн засгийн бусад салбарт хальж, V сарын сүүлээр Тяньжин боомтод Монгол руу ачигдах 7,000 гаруй чингэлгийн бөөгнөрөл үүсэхэд автомашины импортын өсөлт ихээхэн нөлөөлснийг Монложистикс ХК мэдээлж байлаа.
Тухайлбал 2022 онд нийслэлийн өмнөх Засаг дарга насжилт өндөртэй, буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох санал хүргүүлэхээ зарласан бол өнгөрсөн онд нийслэлийн Засаг дарга импортоор орж ирж буй автомашиныг хязгаарлах бодлого барихаа мөн мэдэгдэж байв.”Сүүлийн 2-3 жилд ЗГ, нийслэлийн албан тушаалтнууд хэрэгжээгүй, хэрэгжих болоогүй шийдвэрүүд, аман мэдэгдлүүдээ зарласаар ирсэн. Эдгээр нь зах зээлд хоосон эрэлт бий болгож байна. Тухайлбал импортын татвар нэмнэ гээд зарлачихаар бизнес эрхлэгчид түүнээс өмнө ахиухныг оруулаад ирье гэж бодно. Жилдээ органикаар 40-50 мянган автомашин импортлогддог байсан бол өнгөрсөн онд гэнэт 70 мянга болоод өсчихсөн.”
Эх сурвалж: abc.net.au болон Bloomberg Mongolia