2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр өдрийн 07.00-22.00 цагт орон даяар үргэлжилнэ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр хоёр сая 224 мянга 233 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслийн 1341 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 61.3 хувь нь эрэгтэй, 38.7 хувь нь эмэгтэй байгаа аж.
Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад 25 мянга 700 орчим Төрийн албан хаагч ажиллаж байгааг Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээллээ.
Үүнээс гадна ОБЕГ үер ус, гал түймрийн болзошгүй аюулд бэлэн байдлаа ханган ажиллаж байгааг тодотгов.
Энэ удаагийн сонгуулиар алслагдсан сум, орон нутгийн сүлжээнд холбогдоогүй 400 орчим хэсгийн хороонд “Starlink” -ийн төхөөрөмж байршуулахаар зохион байгуулаад байгаа юм.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч хяналт тавихаар Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлснээс Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас (ЕАБХАБ) 191 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд байгаа аж. Мөн Европын Парламентын төлөөлөгчид ажиглагчаар иржээ. Харин дотоодоос 19 нам, хоёр эвсэл, иргэний нийгмийн байгууллагын 30 мянга орчим ажиглагч ажиллахаар байна.
Үүнээс гадна гадаад улсад оршин сууж буй саналаа өгсөн 9760 сонгогчийн саналыг Улаанбаатарт шуудангаар авчрах ажил үргэлжилж байгааг Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээллээ.
Эх сурвалж: Bloomberg Mongolia