Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгохоор шийдвэрлэснээ зарлалаа. Мөн төсвийн тодотголын нөлөөгөөр ирэх онд дотоод эрэлт тэлж, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжлэхээр байгааг онцлов.
Ингэснээр Төв банк энэ онд гурав дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж байна. Энэ удаагийн бууруулах шийдвэрээ санхүүгийн нөхцөлийг сулруулж, дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор гаргаснаа Монголбанк тайлбарлалаа. Мөн худалдааны түнш орнуудын инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц зорилтот түвшинд тогтворжино гэж үзжээ. Гэхдээ өргөн барьсан төсвийн төсөл батлагдаж, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлж чадахгүй тохиолдолд төлбөрийн тэнцэл, инфляцад дарамт учруулах эрсдэлтэйг анхааруулав.
ҮСХ-ны мэдээлснээр VIII сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт улсын хэмжээнд 6.5 хувьтай гарч, өмнөх сараасаа 1 нэгж хувиар эрчимжсэн.
Энэ оны төсвийн тодотголоор төсвийн зардал 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэнээс гадна ирэх онд мөн түүхэн өндөр дүнтэй төсөв батлахаар ЗГ төсвийн төсөлдөө тусгаад байгаа. Төсвийн өндөр зардлыг эдийн засагт сөрөг нөлөөгүй байлгахад тохируулж мөнгөний бодлогын өөрчлөлт хийхээс өөр аргагүй болж магадгүйг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны дарга Б.Баярдаваа өмнө нь онцолж байв.
Төсвийн зарцуулалтаас гадна импорт мөн өндөр өсөлттэй, сүүлийн байдлаар 28 хувиар өссөн байгаа тул мөнгөний бодлогыг хурдтай зөөлрүүлэх нь зөв шийдэл биш гэж үзэж байгаагаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шийдвэрээ танилцуулах үедээ дурдсан.
Түүнчлэн Төв банк нүүрсний экспортын биет хэмжээний нэмэгдэл, төсвийн зардлын тэлэлтийн нөлөөг харгалзаж Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5.5 хувь болгож ахиулснаа мэдэгдэв. Өнгөрсөн IV сард Монголбанк зуднаар малын хорогдол өндө
р түвшинд хүрсэн нь хөдөө аж ахуйн салбарын агшилтад нөлөөлнө гэж тооцоолж, ДНБ-ий өсөлтийн төсөөллөө 3.8 хувь болгож байсан юм.
Эх сурвалж:Bloomberg Mongolia