Skip to main content
Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөхөөс ахиулж 5.5 хувь болгосноос гадна 2025 онд 6 хувиар өсөх тооцооллыг танилцууллаа. Эдийн засгийн өсөлтөд үйлчилгээ аж үйлдвэрийн салбар, тэр дундаа уул уурхайн салбар гол хүчин зүйл болохоор байна. Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 37.6 хувиар өссөн нь төсвийн орлого нэмэгдэж, үйлчилгээний салбар, ачаа тээврийн эргэлтэд сайнаар нөлөөлжээ. Нөгөө талаас оны эхний улиралд уналттай байсан хөдөө аж ахуйн салбар эргэн сэргэж, төсвийн зардал нэмэгдсэнээр ирэх онд эдийн засгийн идэвхжил нэмэгдэх төлөвтэй байгааг тодотгов. Инфляц саарч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж эрэлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлснийг онцоллоо.
Мөн 2024 онд хэрэглээний үнэ 6.8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь дөрөвдүгээр сард танилцуулж байсан үзүүлэлтээс нь үл ялиг доогуур төсөөлөл болж байна. Гэхдээ төсвийн зардлын өсөлт, дотоод эрэлт нэмэгдэх зэрэг шалтгаанууд нь 2025 онд инфляцын төлөв 7.2 хувь орчимд байх болов уу гэсэн таамаглалд хүргэж буй.
Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүдэд БНХАУ руу экспортлох Монголын түүхий эдийн эрэлт буурах, “Оюутолгой” уурхайн олборлолт саарах зэрэг хүчин зүйл байж магадгүйг тайландаа дурдсан.
Үүнээс гадна Ази, номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 4.9 хувь байсныг үл ялиг нэмэгдүүлжээ. Энэ бүс нутгийн хөгжиж буй орнуудын дотоод эрэлт өндөр, экспортын өсөлт тогтвортой байгааг харгалзан төсөөллийг нэмэгдүүлсэн байна. Хэдийгээр энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ахиулсан ч ирэх оны тухайд 4.9 хувьд хэвээр үлдээсэн. Мөн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын инфляцын түвшин 2024 онд 3.2 хувь байна гэсэн төсөөллийг бууруулж, 2.8 хувь болгосон байна.
Эх сурвалж: Bloomberg Mongolia

YourFinServices Web System v2.1